Кимүра Аяако- "Бурхан ивээдэг болов уу"


Ийм уужим нутагтай, ийм хачин, цаг барихыг мэддэггүй хэрнээ яагаад ингэж яарч сандран, дугаарлан зогсогсдын урдуур дайрч зүтгэнэ вэ? Залхуу учраас, хүлээх дургүй учраас ингэдэг нь мэдээж. Дугаар дайрах ялимгүй жижиг сажиг юм мэт боловч, Монголын нийгэм соёлын хөгжлийн хувьд энэ асуудлыг ярихгүй бол болохгүй санагдана. Энэ бол соёл, ёс суртахуунтай хамаатай асуудал.
Олон хүн дугаарлан зогсож байгаа газарт хүн бүр өмнөх хүндээ уцаарлан дургүйцэх нь хүний сэтгэлийн онцлог болой. Огт танихгүй хүн хэрнээ зөвхөн миний өмнө зогсож байгаа гэсэн тэр утгаараа онцгүй хүн шиг санагдана. Хэрэв миний өмнө зогсож байгаа олон хүний дотроос будилж, саад болж байгаа, эргэж буцаж, их бутархай мөнгө тоолж их цаг авч байгаа хүн бол хамгийн дургүй хүрмээр санагдана. Кассын дэргэд баахан дугаарлаж хүлээгээд, авах гэсэн бараа бүтээгдэхүүнээ авах гэж бас л зөндөө хүлээнэ. Ингэж хоёр удаа хүлээж зүдэрнэ. Энд хайран цагаа алдаж хохирохоос гадна дугаар дайрсан хүнд дургүй хүрч, сэтгэлээр хохирно. Дугаарлаж хүлээлгүй, бүдүүлэг аргаар юм авсан хүн өөрийн ёс журамгүй байдалд гэмших нь бүү хэл, харин ч сэргэлэн самбааиай хэмээн биеэ дөвийлгөнө. Кассчин хэтэрхий өндөр дээр сууж байна. Тийм учраас нэг л ихэмсэг дээрэнгүй юм шиг санагдана. Бид мөнгөө өргөн барьж гуйж байгаа мэт, тэд хишиг буянаа хайрлаж гялайлгаж байгаа юм шиг бүдүүлэг байдал гаргахад, тийм юмтай тааралдсан хүний сэтгэл өдөржингөө бүүдийнэ. Чухамдаа бол бид тэднийг тэтгэж байгаа худалдан авагч нар шүү дээ. Касс нь харьцангуй зөв өндөрт байрласан газарт бол харааны төвшин зохих хэмжээнд байх учраас арай гайгүй. Худалдагчид мөнгөө өгөөд, авах юмаа зөрүүлж авбал бүр ч амар. Гагцхүү мөнгө барьсан гараараа шууд талх зэргийг барьж өгөх нь маш эвгүй.
Үзвэрийн газарт хувцас өлгүүлэх гэж нэг юм байна. Өгөх нь арай гайгүй. Авах гэж бөөн там. Энэ нь Монголын нэг онцлог гэж болно.
Өлгүүрийн асуудлыг тойрохын тулд хувцсаа өгмөөргүй санагдана. Өвөл театрт очихоос дургүй нь хүрдэг хүн ч байгаа байх аа. Хувцсаа өлгүүлэхдээ соёлтой юм шиг байснаа авахаа болохлоор хэтэрхий соёлгүй болчихдог нь юуных вэ? Хэрэв хувцсаа өгөлгүй үзвэрийн танхимд орох гэвэл үйлчлэгч салам загнана. Удаан суух учраас даарна гэж учирлавч үл тоон, бүдүүлгээр авирлана. Хувцсаа өлгүүлэхийг би үгүйсгээд байгаа юм биш. Энэ бол соёлтой явдал. Гэвч өлгүүлээгүйгээс болж загнах, хувцсаа авах гэж дайруулж, түлхүүлж байхыг яагаад ч соёлтой явдал гэж хэлж болохгүй. Хувцсаа өлгүүлсэн соёлтой хүн маань тоглолт дуусахаас өмнөхөн дутуу орхин хувцас руугаа яарч гардаг нь тоглолтод оролцож буй жүжигчин нарыг доромжилж байгаа аятай, маш тэнэг явдал билээ.
Дашчойлон болон, Гандан зэрэг буяны газар ном бичүүлэх гэж бөөн дугаар хүлээж зовно. Ном бичүүлж, буян хураах гэж байгаа атлаа яагаад, дугаар дайрч нүгэл хийнэ вэ? Шашин шүтлэг гэдэг өдөр тутмын ёс суртахуун, соёл гэгээрэл, өөдрөг сэтгэлтэй холбоотой буй заа. "Ингэж дундуур дайрч орсон хүн хичнээн ч ном уншуулаад ямар нэмэр болдог юм бэ?" гэж миний бие хоёр ч удаа бүр тэвчээр алдран хэлж үзсэн ч хэн ч тоохгүй байна билээ. Ном буян хэрэгтэй болох цаг хэнд ч тохиолдоно. Гэвч бусдыг үл хүндэтгэн хар амиа бодож зүтгэгсдийг бурхан ивээнэ гэж нэг л санаанд буухгүй байна.
Дугаарлан зогссон газарт дугаар дайрах хүн заавал байдаг. Үнэхээр их яаралтай ажил гарсан хүн байж болно л доо. Тэгвэл учраа хэлж, уучлал гуйвал бас ч яах вэ. Ёс журам барьж хүлээгсэд тэнэг маанаг, дайрч орсон хүн цэцэн сэргэлэн болдог хачин ёсыг халмаар л байна. Үүний тулд яавал зохихыг би яг олж мэдлээ. Тэр юун гэвэл, үйлчлэх хүн гярхай байж, дугаар дайрсан хүнд үйлчлэхгүй, тийм хүнийг ерөөсөө тоохгүй байдаг болох хэрэгтэй. Бүх газарт ингэж чадвал дугаар дайрна, бүдүүлгээр шахаж түрнэ гэж байхгүй болно. Үйлчилгээний ажилтан нар дугаар дайрч зүтгэдэг хүнд маш хатуу хандах нь чухал. Гэтэл тэгж чадахгүй, буруу юмтай эвлэрч байгаагаас дугаар дайрдаг зохисгүй явдал үргэлжилсээр байна. Зах зээлд шилжсэнээс хойш дэлгүүр, мухлаг, үйлчилгээний газар ажлынхаа чанарыг сайжруулна гэж яриад л байдаг, яриад л байдаг. Тэгвэл дугаар дайрсан хүнд үйлчлэхгүй байхыг журам болгож хэвшүүлэх нь чухам л тэр сайжруулах ажлын нэг хэсэг гарцаагүй мөн шүү дээ.

Эх сурвалж: Кимүра Аяако "Баруунаас мандах наран 2" 1997 он

Comments

Popular posts from this blog

Заавал уншаад үзээрэй, бодол санаа, сэтгэл санаа чинь шууд цэлмэнэ гэж мэд...

Хичээл дээрээ бичиж байсан эссэ...

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ